Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, улмаар зогсоох, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулж, дасан зохицох арга хэмжээ авах эрх зүйн үндэслэл, бодлого, стратегийн үндсэн чиглэл нь 1992 оны 06 дугаар сарын 03-14-ний өдрүүдэд Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдсан Байгаль орчин ба хөгжил сэдэвт НҮБ-ийн бага хурлаас батлагдаж, 1994 оноос хүчин төгөлдөр болсон НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (цаашид “УАӨСК” гэх) болон түүнийг хэрэгжүүлэхэд чиглэн 2005 онд хүчин төгөлдөр болсон Киотогийн протокол юм.

Конвенцийн 4 дүгээр зүйлд заасан ёсоор УАӨСК-д оролцогч талууд нийтлэг боловч харилцан адилгүй үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрийн улс орны хөгжлийн зорилго, нөхцөл, тэргүүн зорилт зэргийг харгалзан Талуудын бага хурлаар тохиролцсон, харилцан жишиж болох арга зүйг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас үүсэх Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээлт ба эх үүсвэрүүдээс ялгарах ялгаралт болон бусад холбогдох арга хэмжээ, мэдээллийн үндэсний тайланг боловсруулж, үе үе шинэчилж, Талуудын бага хуралд оруулж байх үүрэгтэй. Энэ хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр Монгол улсын УАӨСК-ийн хэрэгжилтийн талаарх үндэсний гуравдугаар тайлан илтгэлийг боловсруулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна. БОНХАЖ-ийн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-118 тоот тушаалаар Байгаль хамгаалах санг төсөл хэрэгжүүлэх байгууллагаар томилсон ба төслийн нэгжийг байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байна. Төслийн талаарх товч мэдээллийг дор оруулав.

Дэлгэрэнгүй мэдээллийг Байгаль хамгаалах сангийн 7000 0743 дугаарт залгаж лавлана уу.